1 Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа.
2 Миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийн хүч ба сэнтий, асар их эрх мэдлийг өгөв.
3 Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан юм шиг байсныг харлаа. Үхлийн шарх нь эдгэсэн байв. Дэлхий даяараа гайхширч, араатны араас дагалаа.
4 Луу араатанд эрх мэдлээ өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд—Хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайн хийж чадах юм бэ? гэцгээв.