Илчлэлт 14:2-8 АБ2004

2 Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн шиг дуу тэнгэрээс сонсогдлоо. Миний сонссон дуу бол босоо ятгачид ятгаар тоглож буй эгшиг ая мэт байлаа.

3 Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авагдсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч чадсангүй.

4 Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурхан болон Хурганы төлөөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.

5 Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тэд гэм зэмгүй.

6 Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна.

7 Тэр чанга дуугаар—Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ.

8 Өөр нэгэн тэнгэр элч буюу хоёр дахь нь араас нь даган—Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр нурлаа, нурлаа гэж байлаа.