Илчлэлт 18:8-14 АБ2004

8 Тиймээс нэг өдөр түүний гамшиг болох үхэл, гашуудал, өлсгөлөн нь ирнэ. Түүнийг галаар шатаана. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.

9 Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна.

10 Тэд түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод—Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.

11 Дэлхийн худалдаачид уйлж, түүний төлөө гашуудна. Учир нь тэдний ачаа барааг дахиж хэн ч худалдаж авахгүй.

12 Ачаа бараа нь гэвэл алт, мөнгө, эрдэнэсийн чулууд, сувд, нарийн маалинга, нил ягаан даавуу, торго, час улаан даавуу, анхилуун үнэртэй төрөл бүрийн мод, зааны ясан эдлэлүүд, хамгийн үнэтэй модоор ба зэс, төмөр, гантигаар хийсэн янз бүрийн эдлэлүүд,

13 шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэртэн, гүгэл, дарс, чидуны тос, нарийн гурил, буудай, үхэр, хонь, морьд, тэрэг, боол ба хүний амь байв.

14 Сэтгэл чинь хүсэн тэмүүлдэг үр жимс чамайг орхисон. Хээнцэр, тансаг байсан бүх юмс чамайг орхин одсон. Тэдгээр нь дахиж олдохгүй.