Илчлэлт 19:1-7 АБ2004

1 Үүний дараа хурсан олон түмний дуу мэт чимээ тэнгэрт гарахыг би сонсов. Тэд—Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд байдаг.

2 Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан үлэмжийн том янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ.

3 Хоёр дахь удаагаа тэд—Халлелуяа! Түүний утаа нь үеийн үед суунаглана гэв.

4 Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьтан унаж, сэнтийд залрагч Бурханд мөргөж—Амен. Халлелуяа! гэв.

5 Сэнтийнээс дуу гарч—Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага хүмүүс та нар бидний Бурханд магтаалыг өргө гэв.

6 Хурсан олон түмний дуу хоолой шиг, их усны шуугиан шиг, хүчит аянгын нүргээн шиг дуу гарахыг би сонсов.—Халлелуяа! Төгс хүчит Эзэн [бидний] Бурхан хаанчилдаг.

7 Баярлан хөөрч, баясан цэнгэж, Түүнд алдрыг нь өргөцгөөе. Учир нь Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв.