1 Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов.
2 Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.
3 Сэнтийнээс чанга дуу гарахыг би сонсов.—Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [тэдний Бурхан нь болно].
4 Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.