1 Сардей дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Бурханы долоон Сүнс ба долоон одтой Тэр үүнийг айлдаж байна. «Би чиний үйлсийг, чиний амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдгийг чинь мэднэ.
2 Сэрэгтүн, үхэх гэж байсан үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Миний Бурханы өмнө чиний үйлс гүйцэлдснийг Би олсонгүй.
3 Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийг сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт Миний чам дээр очихыг чи мэдэхгүй.
4 Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд Надтай хамт цагаан хувцастай алхах болно. Яагаад гэвэл тэд зохистой хүмүүс мөн.