1 ЭЗЭН Иаковыг өрөвдөн, Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь харийн хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.
2 Хүмүүс тэднийг өөрсөдтэйгөө хамт авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт зарц, шивэгчид болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдыгаа тэд захирах болно.
3 Тэр өдөр ЭЗЭН зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад
4 чи Вавилоны хааны эсрэг ийм шог дуу дуулна.“Дарангуйлагчийн төгсгөл ирэв.Түүний уур хилэн эцэслэв.
5 ЭЗЭН хилэнцтэний таягийг,захирагчдын очирт таягийг хугалжээ.
6 Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж,зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав.
7 Бүх газар амарч,анир чимээгүй болж,баяр баясгалангийн уухайг хадаана.
8 Нарснууд ч, Ливаны хуш модод ч хүртэл чамд баярлаж«Чамайг унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй» гэнэ.
9 Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө.Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн,үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно.
10 Тэд бүгд чамд хариулан«Чи ч бидэн шиг сул дорой болсон.Чи бидэнтэй адил болсон.
11 Чиний бүх жавхлан,чиний босоо ятгын дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав.Чиний доор өт тархан,хорхойнууд чиний бүтээлэг болно».
12 Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон.Чи яаж тэнгэрээс унав аа?Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа!
13 Учир нь чи зүрхэндээ«Би тэнгэр уруу гарна.Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно.Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна.
14 Би үүлсийн орой дээр гарна.Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно» гэсэн.
15 Гэвч чи Үхэгсдийн орон уруу,нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана.
16 Чамайг харсан хүн бүр гайхан, мэлэрч«Дэлхийг донсолгон,хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү?
17 Ертөнцийг цөл мэт болгон,хотуудыг нь бусниулсан,хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ.
18 Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна.
19 Харин чи жигшигдсэн гишүү мэт,хөлд гишгэгдэх хүүр мэт,сэлмэнд сийчүүлж,нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав.
20 Чи газар нутгаа сүйтгэж,ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй.Бузар мууг үйлдэгчдийн үр удам дахин хэзээ ч дурсагдахгүй байх болтугай.
21 Эцгүүдийнх нь буруугаас болж хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн.Тэд босож, газрыг эзэмшиж,ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй”.
22 “Би тэдний эсрэг босно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН айлдаж байна.
23 “Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
24 Түмэн цэргийн ЭЗЭН тангараглан, “Үнэхээр Миний бодсон хэрэг биелж, Миний төлөвлөсөн ёсоор үйл бүтнэ.
25 Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна.
26 Энэ бол бүх дэлхийн эсрэг тогтоогдсон төлөвлөгөө. Энэ бол бүх үндэстний эсрэг сунгагдсан мутар юм.
27 Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөн зүйлийг хэн өөрчилж чадах вэ? Түүний сунгасан мутрыг хэн буцааж чадах вэ?” гэв.
28 Ахаз хааны нас барсан жил энэ зөн ирлээ.
29 “Бүх филистчүүд ээ.Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун.Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх бөгөөдтүүний үр жимс нь нисэгч галт могой юм.
30 Үгээгүй гуйлгачин идэж,ядуус аюулгүй амгалан хэвтэнэ.Би чиний үндсийг өлсгөлөнгөөр үхүүлнэ.Үлдэгсэд чинь ингэж алагдана.
31 Дааман хаалга минь, уйлагтун!Хотууд аа, цурхиран уйл!Филистчүүд ээ, та нар бүгдээрээ сарниж алга бол!Юу гэвэл умардаас утаа ирж байна.Түүний эгнээнд бадарчин алга.
32 Тэгвэл тэр харийн элч нарт яаж хариулах вэ?ЭЗЭН Сионы суурийг тавьсан.Түүний ард түмнээс зовж зүдрэгсэд нь түүний дотор хоргодох байр хайна”.