1 ЭЗЭН надад айлдсан нь—Том хавтан аваад, дээр нь жирийн үсгээр “Олзонд түргэн, золиосонд хурдан” гэж бичигтүн.
2 Би тахилч Уриа болон Иебехиагийн хүү Зехириа нарыг гэрчлэлийн төлөө итгэмжит гэрч болгон Өөртөө авна гэв.
3 Ингээд би эмэгтэй эш үзүүлэгчтэй хавьтаж, тэр жирэмсэлж, хүү төрүүлэв. ЭЗЭН надад—Түүнийг “Махер-шалал-хаш-баз” гэж нэрлэ.
4 Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.
5 Цааш нь ЭЗЭН надтай дахин ярьж, айлдан
6 —Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон,Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.
7 Ийм учраас одоо үзэгтүн!Эзэн Евфратын хүчит их усыг Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна.Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин, бүх эрэг дээгүүр нь үерлэнэ.
8 Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойнд нь хүртэл тулна.Түүний жигүүр дэлгэгдэхэд, чиний улсаар дүүрнэ. Иммануел ээ! гэв.
9 Эвдрэлцэгтүн, хүмүүс минь! Тарж бутар.Дэлхийн алслагдсан бүх нутгууд аа, чих тавь.Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар.Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар.
10 Төлөвлөгөө сэдэх боловч тэр нь үл бүтнэ.Санал тавивч энэ нь үл тэснэ.Учир нь Бурхан бидэнтэй хамт байна.
11 Иймээс ЭЗЭН хүчит мутраараа надад айлдан, эдгээр хүмүүсийн замаар явахгүй байхыг надад сургасан нь
12 —Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй.Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү түгш.
13 Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн бол түмэн цэргийн ЭЗЭН юм.Тэр та нарын айдас байх болно.Тэр та нарын аймшиг байх болно.
14 Дараа нь Тэр ариун газар болно.Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлэх хад,Иерусалимын оршин суугчдын урхи болон занга болно.
15 Олон хүн түүнд бүдэрнэ.Тэгээд тэд унана, хэмхэрнэ.Түүгээр ч барахгүй тэд урхинд орж баригдана.
16 Гэрчлэлийг боож, миний шавь нарын дунд хуулийг битүүмжлэгтүн.
17 Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.
18 Намайг болон ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг үзэгтүн. Бид Сион уулан дээр оршигч түмэн цэргийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн.
19 Тэд та нарт “Шивнэн чалчдаг сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн төлөө үхэгсдээс асуух гэж үү?
20 Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.
21 Тэд газар сайгүй хэрэн тэнэж, дарамтлагдан, өлсөж, өлсөхөөрөө уурлаж, дээш хараад, хаанаа болон Бурханаа хараана.
22 Дараа нь тэд газар уруу харахад зовлон, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.