Исаиа 22 АБ2004

1 Үзэгдлийн хөндийн тухай зөн.Эдүгээ та нарт юу тохиолдоод,та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?

2 Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо.Чиний алагдсан хүмүүс илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.

3 Чиний бүх захирагч хамтдаа зугтсан бөгөөд нум сумгүйгээр олзлогдов.Тэд хол зугтсан боловч олдсон, та нар бүгдээрээ хамтдаа хоригдол болно.

4 Ийм учраас би“Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя.Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд” гэв.

5 Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд сандаргах хийгээд гишгэх ба түйвээх нэг өдөр бий.Энэ бол хэрмийг нурааж,уулын эсрэг хашхирах өдөр юм.

6 Елам тэрэгнүүд ба морьтой хүмүүсийн хамт саадгаа авч,Кир бамбайг ил гаргав.

7 Чиний шилмэл сайн хөндийнүүд тэргээр дүүрч,морьтонгууд дааман хаалган дээр жагсав.

8 Тэр Иудагийн халхавчийг зайлуулав.Тэр өдөр та нар ойн сууцан дахь зэвсэгтээ найдна.

9 Давидын хотын хэрмэн дэх цоорхой олон байгааг та нар үзсэн.Та нар доод цөөрмийн усыг хураав.

10 Тэгээд та нар Иерусалимын байшингуудыг тоолж,хэрмийг бэхлэхийн тулд байшингуудыг нураав.

11 Та нар хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барьсан.Гэвч та нар үүнийг хийсэн Нэгэнд үл найдан,үүнийг өнө эрт төлөвлөсөн Нэгэнийг анхаараагүй.

12 Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан,гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч,

13 та нар харин зугаа цэнгэл, баяр хөөр болж,үхэр нядалж, хонь алж, мах идэж, дарс ууж байна.“Маргааш бид үхэж магадгүй.Тиймээс идэцгээе, ууцгаая!” гэцгээж байна.

14 Гэвч түмэн цэргийн ЭЗЭН Өөрийгөө надад илчлээд“Та нарыг үхтэл энэ нүгэл үнэхээр цагаатгагдахгүй” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдав.

15 Түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.“Ирэгтүн. Ордны даамал болох, энэхүү нярав Шебна уруу очигтун.

16 «Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж,өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж,хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ?

17 Үзэгтүн, хүн ээ!ЭЗЭН чамайг хүчтэйгээр шидэх гэж байна.Тэр чамайг чанга базах гэж байна.

18 Тэр чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн,өргөн уудам улс уруу шиднэ.Чи тэнд үхнэ.Тэнд чиний тансаг тэрэг үлдэж,чи өөрийнхөө эзний гэрийн ичгүүр нь болно».

19 Би чамайг албанаас чинь буулгана.Би чамайг байр сууриас чинь доош татна.

20 Тэр өдөр Би Хелкиагийн хүү,Өөрийн боол Елиакимыг дуудна.

21 Би түүнийг чиний дээлээр хувцаслаж,чиний бүсээр бүслэн,чиний эрх мэдлийг түүнд хариуцуулна.Тэрээр Иерусалимын оршин суугчид,Иудагийн гэрийн эцэг болно.

22 Би түүний мөрөн дээр Давидын гэрийн түлхүүрийг тавина.Түүнийг нээхэд хэн ч хаахгүй,түүнийг хаахад хэн ч онгойлгохгүй.

23 Би түүнийг хатуу газарт хадаас шиг шаана.Тэр нь эцгийнхээ гэрт алдрын сэнтий болно.

24 Үр удам, хойч үе ба жижиг сав суулганууд бүгдээрээ, хул аягануудаас бүх ваар савнууд хүртэл буюу эцгийнх нь гэрийн бүх алдрыг тэд түүний дээр өлгөнө.

25 “Тэр өдөр хатуу газарт хадсан хадаасыг зайлуулна. Тэр хугарч унана. Түүний дээр өлгөгдсөн ачаа ч тасарна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав. Учир нь ЭЗЭН ийнхүү айлдсан юм.