1 Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан,ноёд нь шударгаар захирна.
2 Хүн бүр салхинаас хоргодох газар мэт,шуурганаас халхлах халхавч мэт,хуурай газрын усны суваг мэт,ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно.
3 Тэгээд хараатай хүмүүсийн нүд нь сохрохгүй,сонсох чихтэй нь сонсох болно.
4 Адгуу хүний зүрх мэдлэгийг ялган таньж,хэлгий хүний хэл нь тод ярих гэж яарна.
5 Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй,зальт этгээдийг өглөгч гэхгүй.
6 Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг ба түүний зүрх нь балмад хэргийг үйлддэг.Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж,ундаасагчийг ундаар дутагдуулахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж,бурхангүй явдлыг үйлддэг.
7 Зальт этгээдүүдийн хувьд тэдний зэвсэг нь бузар муу билээ.Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч,худал хуурмаг үгсээр үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд тэрээр хорт муу арга зохиодог.
8 Харин сурвалжит хүн зөв шударгаар сэтгэж,түүгээрээ тогтдог.
9 Амарлингуй эмс ээ.Босож, миний дуу хоолойг сонсогтун.Ихэрхүү охид оо, миний үгэнд чих тавигтун.
10 Жил гаруйхны дотор ихэрхүү та нар зовох болно.Учир нь усан үзмийн ургац хураалт төгсөж,жимс хураалт болохгүй.
11 Амарлингуй эмс ээ, чичрэгтүн.Бардам охид оо, зовогтун.Хувцсаа тайлан нүцгэлж,бэлхүүсээрээ таар ороогтун.
12 Үржилтэй талбай, шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлдэгтүн.
13 Миний ард түмний нутаг, үүргэнэ ба өргөст халгай ургасан нутаг,баясгалант хот ба бүх жаргалтай гэрүүдийн төлөө гашуудагтун.
14 Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан,хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно.
15 Өндрөөс, бидний дээрээс Сүнс цутгах хүртэл,зэлүүд газар нь үржил шимтэй талбай болж,үржил шимтэй талбай нь ой мод хэмээн тооцогдох хүртэл тийм байх болно.
16 Тэгээд шударга ёс нь цөлд оршиж,үнэн зөв нь үржилтэй талбайд байна.
17 Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж,үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан,аюулгүй байдал болох юм.
18 Миний ард түмэн энх амгалан орчинд,аюулгүй гэрүүдэд, анир чимээгүй газарт амьдарна.
19 Ойд мөндөр орж, хот доош оруулагдсан боловч,
20 бүх усны дэргэд тариа тарьж,шар, илжгээ чөлөөтэй идээшлүүлэгчид та нар ямар ивээлтэй байх вэ!