1 Селагаас, цөлийн замаар Сионы охины уул хүртэл нутгийн захирагчид хурга явуулагтун.
2 Үүрнээсээ бутран зугтах шувуудын адилаар Моабын охид Арноны гарам дээр байх болно.
3 “Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач.Жин үдээр сүүдэрлэн шөнө мэт болгооч.Цөлөгдсөн хүмүүсийг нууж, оргодлуудыг бүү барьж өгөөч.
4 Моабын цөлөгдөгчдийг өөртэйгөө хамт үлдээгээч.Тэдэнд сүйтгэгчээс нуугдах газар нь болооч”.Дарангуйлагчид эцэслэж, сүйрэл зогсож,түрэмгийлэгчид газраас алга болно.
5 Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож,Давидын майханд шударгаар шүүгч тэнд сууна.Тэр шударга үнэнийг хайж, зөв явдалд алгуурлахгүй.
6 Бид Моабын бардам, хэт бардам,ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ.Түүний хоосон сайрхал нь хуурамч юм.
7 Тийм учраас Моаб уйлна.Моабын хүн бүр уйлна.Чи Кир-харесетын хүйс тэмтрэгдсэн мэт үзмийн боовны төлөө уй гашуу болно.
8 Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав.Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж,далайг өнгөрсөн усан үзмийн шилмэл ороонгыг үндэстнүүдийн эзэд дэвслэв.
9 Тийм учраас Би Иазерын төлөө,Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна.Өө, Хешбон, Өө Елеале!Чиний зуны үр жимсний дээр хадах уухай,хөсөр унасан ургацын чинь төлөө Би нулимсаараа та нарыг услах болно.
10 Би уухайг нь зогсоосон учир үржил шимт газраас баяр хөөр,наргиан нь алга болов.Усан үзмийн тариалангийн дотор ч баяр хөөртэй дуу чимээ,хашхирах шуугиангүй болж,үзэмчин нь усан үзмийн шахуургаа ч шахахаа болив.
11 Миний зүрх Моабын төлөө,миний дотор Кир-харесетын төлөө босоо ятга мэт дуу гаргаж байна.
12 Өөрийн сүмд залбирахын тулд Моаб өндөр газарт гарч ирэвч,тэр нь ямар ч тус болохгүй.
13 Энэ бол урьд өмнө Моабын талаар айлдсан ЭЗЭНий үг юм.
14 Гэвч одоо ЭЗЭН—Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан гурван жилийн дотор Моабын сүр жавхлантай хамт олон хүмүүс нь бүгдээрээ доройтно. Үлдэгсэд нь нэн цөөн бөгөөд сул дорой байх юм гэж айлдаж байна.