Исаиа 7:3-9 АБ2004

3 ЭЗЭН Исаиад айлдан—Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван, дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад,

4 түүнд ингэж хэл! “Болгоомжтой, тайван бай. Уугин буй модны хоёр хожуул болох Резин, Арам болон Ремалиагийн хүүгийн догшин уур хилэнгээс бүү ай, бүү зүрх алд.

5 Учир нь Арам, Ефраим, Ремалиагийн хүү чиний эсрэг мууг төлөвлөж,

6 «Иудагийн эсрэг очиж, тэднийг айлган сүрдүүлж, өөрсдөдөө хуваан аваад тэдний голд Табеелийн хүүг хаан болгон тавья» гэж хэлэлцэв.

7 Тиймээс Эзэн БУРХАН айлдаж байна. «Ийм юм болохгүй, бүтэхгүй.

8 Учир нь Арамын тэргүүн бол Дамаск, Дамаскийн тэргүүн бол Резин юм. (Жаран таван жилийн дотор Ефраим бутарч, цаашид ард түмэн гэгдэхгүй.)

9 Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй»” гэж хэл гэв.